Өөрт тавих 7 хил хязгаар
- Bolormaa Boldbaatar
- Jul 22, 2019
- 9 min read
Updated: Aug 5, 2019
Энэ удаагийн нийтлэлээр өөрт тавьдаг хил хязгаар, түүний ач холбогдлын тухай бичихээр шийдлээ. Нэг талаар амьдралдаа баримталдаг зарчим гэж ойлгож болно.Та уншаад өөртөө дүгнэлт хийгээрэй. Би угаасаа мундаг байсан учраас ийм зан дадал, хил хязгаартай гэвэл үнэхээр худал хэлсэн болно. Амьдралын зорилго, хувь хүнээ нээн илрүүлж, хөгжүүлэхийн хэрээр өөртөө зөв хил хязгаар тавьж, хазаарлаж сурсан, суралцсаар ч байна.

Өөрт тавьдаг хил хязгаараа ангилбал:
Өдөр бүрийг утга учиртай, зорилготой өнгөрүүлэх
Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ертөнцийн хуульд захирагдаж амьдрах
Чухал зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх
Зүрх сэтгэлээ дагах, сонсох
Эрч хүчээ тогтмол сэлбэх
Бусдад урам, зориг эерэг нөлөөлөл түгээх
Утга учиртай харилцаа тогтоох
Хархорум Дижитал академийн үүсгэн байгуулагч, захирал, Д. Энхбат гуай, “Хүн 3 төвшинд суралцдаг. Нэгдүгээрт, мэдлэг, мэдээлэл, хоёрдугаарт, ойлголт, ухаарал, гуравдугаарт, амьдралын хэв маяг” хэмээн ярих дуртай.
Мэдлэг, мэдээлэл олж аваад, түүний ач холбогдлыг ойлгож ухааран, амьдралынхаа нэг хэсэг болгож чадсан бол аливаа зүйлийг хамгийн дээд төвшинд суралцжээ гэж ойлгох нь. 30 нас хүртлээ олж авсан мэдлэг, ухаарал, амьдралын хэмнэл дээрээ тулгуурлан дээрх 7 зүйлийг амьдралд чухал гэж үзэн, өөртөө хил хязгаар тавьж сурч байна.
1. Өдөр бүрийг утга учиртай өнгөрүүлэх
Утга учиртай амьдралаар амьдрахын тулд хүн хамгийн түрүүнд амьдралын зорилгоо олж нээх гэж боддог. Би амьдралын зорилгыг төөнөх нартай зүйрлэх дуртай. Нар биднийг төөнөж, эрч хүч, эерэг энерги өгдөг шиг зорилгоо эргэн санах бүрт сэтгэлд дулаахан, гэгээлэг мэдрэмж төрж, дахин сэргэх шиг болдоггүй гэж үү. Таны төөнөх нар юу вэ? Орчин нөхцөл болон бусад хүмүүст анхаарлаа хандуулахаа багасгаж, өөртөө төвлөрөх замаар өөрийн дотоод ертөнцийг нээж эхэлсэн үед амьдралын зорилго дагаад тодорч эхэлдэг. Та анхаарал, эрч хүчээ өөрийн дотоод ертөнцийг нээн илрүүлэхэд хангалттай зориулж чадаж байна уу? Ийнхүү бидний амьдралын зорилгоо нээн илрүүлэхийн хэрээр хийж буй зүйлээсээ утга учир харж чаддаг болно. Харвардын бизнесийн сургууль шинэ оюутан бүрээ “Man’s search for meaning”номыг уншихыг зөвлөдөг. Энэ номонд Дэлхийн хоёрдугаар дайны үед 7 хорих ангийн дэглэмийг дийлэн гарч, амьд үлдсэн, сэтгэл мэдрэлийн эмч, Виктор Франклины түүх гардаг. Тэрээр хүний чин зүрхний хүсэл бол утга учиртай, зорилготой амьдрах гэж итгэдэг бөгөөд хүнд хатуу дэглэм, дарангуйлал дунд өөрийн итгэл найдварыг алдахгүй байж сурах нь түүнд амьдралын утга учир, зорилго байсан. Тэрээр хорих ангийн дэглэмийг ганцаараа тэсч амьд гарч чадсан цор ганц хүн байв. Амьдралын зорилго ямар ч хүнд нөхцөл байдал дундаас утга учрыг эрэлхийлж, даван туулахад тусалдаг. Амьдралын зорилгоо олохын тулд мэдээж олон зүйл туршин, өөрийгөө сорьж, алдаа оноондоо дүгнэлт хийх хэрэгтэй. Ингэхдээ “Юу хийхдээ, хэзээ хамгийн сайнаараа, чин сэтгэлээсээ байж чадаж байсан бэ, яагаад?” хэмээн өөрөөсөө асуугаад үзээрэй. Миний хувьд амьдралын зорилгоо нээсээр, нас нэмж, ухаан суухын хэрээр улам төгөлдөржинө гэж итгэдэг. Зорилго маань намайг өдөр бүрийг утга учиртай өнгөрүүлэхэд түлхэж байна. Утга учиртай гэхээр байнга том том юм бодоод явна гэсэн үг гэхээс илүү, ухамсартай, анзааргатай амьдрах юм болов уу. Дэлгүүрийн худалдагч руу инээмсэглэх, бусдаас сайн сайхан талыг нь олж харах, ажлаа эхлэхээсээ өмнө бодож төлөвлөх, өглөө босоод өдрөө төлөвлөх, цагаа хэрхэн өнгөрүүлж байгаадаа анзааргатай байх, энэ бүхэн хийж байгаа үйлдэл бүрээсээ утга учир хайж байгаагийн илрэл. Ухамсартай, анзааргатай байна гээд өөрийгөө цаг минут тутам шүүмжилж болохгүй. Зөв зүйл хийсэн бол өөрөөрөө бахархана, буруу зүйл хийсэн бол алдаанаас суралцаж, давтахгүй байхыг өөртөө сануулна.
2. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ертөнцийн хуульд захирагдаж амьдрах
Орчин цагийн хүн төрөлхтөн 200,000 мянган жилийн өмнө үүсэн бий болсон цагаас түүхийн сургамжит үе эхэлсэн гэж үзэж болох юм. Энэ хугацаанд ухаант хүн алдаа, оноогоо дэнслэн, нийтээр дагаж мөрдөх нь зүйтэй, хүрээлэн буй орчинтой нийцэх амьдралын дүрмийг зохиож ирсэн. Эдгээр дүрэм журмыг би цусаар бичигдсэн, дахин дахин давтах шаардлагагүй ертөнцийн хууль гэж үздэг. Бэнжамин Франклин "Миний намтар" номондоо нийтээр дагаж мөрддөг 13 хуулийг анзаарч, өөрөө хичээнгүйлэн сахихыг эрмэлздэг тухайгаа бичсэн байдаг. Энэ хууль, дүрэм түүнийг утга учиртай, амжилттай амьдралд хөтөлсөн.Миний хувьд, бусдыг ашиглах, эрх ашигт нь халдах, гутаан доромжлох, эмх замбараагүй, залхуурч амьдрах, худал хэлэх, хулгай хийх, бусдад худлаа амлалт өгөх гэх мэт бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ертөнцийн хуулиар өөрийн эрх чөлөөг хязгаарладаг. Өвөг, дээдсийнхээ алдааг дахин давтах гээд байх хэрэг байна уу хэхэ. Та нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ажил, амьдралын ямар хуулийг дагаж мөрддөг вэ?
3. Чухал зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх
Бид дуу чимээ, анхаарал сарниулах зүйл ихтэй орчинд амьдарч байна. Тэр тусмаа, бидний анхаарлыг минут, секунд бүр сарниулах чадвартай гар утсыг тэвэрч унтаад, тэвэрч сэрээд, өдөржин түүнийгээ ширтсээр өдрийг барах нь халаг. Гар утсанд ирэх хэрэгтэй хэрэггүй дохиолол, мэдээлэл нь ажил, амьдралд хамгийн чухал, ач холбогдолтой зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх завдал олгодоггүй юм шиг. Зориудаар энэ их чимээ шуугианаас өөрийгөө холдуулж байж л ажил, амьдралд хамгийн чухал зүйлдээ анхаарлаа бүрэн хандуулна. Ингэж чадахгүй бол харанхуйд төөрсөн хүн шиг тэмтэчсээр, нэг мэдэхэд цагаа хугацаа, нөөц боломжоо хэрэггүй зүйлд үрэн таран хийчихсэн байх вий. Би анхаарлаа төвлөрүүлж суун, юу миний ажил, амьдралд чухал болохыг тунгаан бодох цаг гаргахыг эрхэмд үздэг. Өдөр бүр 10-15 минут төвлөрөн цаг гаргаж, түүний дараа дотоод зүрх сэтгэлээ сонсож бичдэг болж байна. Өглөөг ийнхүү эхлэх нь өдөржин гадуур явчихаад, гараа угаагаад, хоол идэж байгаа юм шиг цэмцгэр, сайхан мэдрэмж төрүүлдэг. Иймд өдрийн ажлаа эхлүүлэхээс өмнө заавал анхаарлаа төвлөрүүлж суухыг, чухал зүйлээ бодож цэгцлэхийг хичээдэг. Та анхаарлаа хандуулах шаардлагатай хамгийн чухал зүйлс чинь юу вэ? Түүндээ бүрэн төвлөрч, ач холбогдол өгч чадаж байна уу?
4. Зүрх сэтгэлээ сонсох, дагах
Хамгийн шилдэг мэргэжилтэн, хамгийн мундаг хэмээн хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн сэтгэл зүйн хэрэгцээ хүн бүрт тодорхой хэмжээгээр байдаг. Энэ хэрэгцээгээ хангахын тулд шинэ мэдлэг, ур чадварын араас тасралтгүй хөөцөлдөнө, хамгийн шилдэг сургууль, шилдэг байгууллагад ажиллахыг чухам зорилгоо болгоно. Ийнхүү хэт их бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж хөөцөлдсөөр “Би хэн бэ, дотоод зүрх сэтгэлдээ юунд тэмүүлдэг вэ? гэдгээ марчихдаг. Өөр дээрээ төвлөрч, тунгаан бодож, алдаа оноогоо дэнслэх нь зүрх сэтгэлээ сонсож сурахын эхлэл. Эндээс л чин сэтгэлийн ухаарал, жинхэнэ мэдлэг ирнэ. Ийнхүү сонсож чаддаг болсны дараа зүрх сэтгэлийн дуудлагаа дагах сонголтуудыг хийдэг болов уу. Өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулахаас илүү өчигдрийн “би”-ээс илүү сайжирч чадаж байна уу гэдэгт харьцуулах нь эрүүл өсөлтийн эхлэл. Эргээд бодоход, би 30 нас хүртлээ өөрийгөө бусадтай харьцуулж, бусдаас илүү гарахын тулд “үзүүлээд өгнө” гэсэн хандлагаар хичээж ирсэн юм шиг. Хортой, шартай гэдэг дээ. Харин амьдралын утга учир, зорилго, өөрийн үнэт зүйлсийг ухамсарлаж, дүгнэлт хийх тусам өөрийн дүр төрхөндөө, хэн бэ гэдэгтээ илүү сэтгэл хангалуун болж байна. Шинэ зүйл сурахдаа, ирээдүйгээ төлөвлөхдөө нийгмийн хүлээлтэд нийцүүлэх бус, өөрийн дотоод зүрх сэтгэлийн хүлээлтэд нийцүүлж сурч байна. Эрх чөлөө, аз жаргал бол өөрийн дотоод сэтгэлийн дуудлагаар амьдрах. Мишэл Обама Принцетон болон Харвардын их сургууль төгсөж, том хуулийн фирмийн хуульч болсны дараа буюу Барак Обаматай танилцсныхаа дараа бусадтай өрсөлдсөөр өдийг хүрсэн гэдгээ ухаарсан хэмээн бичжээ. Өндөр боловсрол эзэмшиж, өндөр албан тушаал хашиж, өндөр цалин авч байсан боловч амьдрал утга учиргүй санагдаж байв. Харин Барак өндөр боловсролтой, тасралтгүй суралцдаг, хөдөлмөрлөдөг хүн. Өнгөц харахад нийгмийн хүлээлтэд нийцүүлж, бусдаас хамгийн шилдэг нь байхыг хичээж байгаа юм шиг боловч, түүнд Америкыг өөрчлөх, энэ дэлхийг өөрчлөх чин хүсэл эрмэлзлэл, алсын хараа байв. Энэ алсын хараагаа эртхэн ойлгож ухаарсан тэрээр өөртөө сэтгэл хангалуун, эрч хүчтэй урагшилж байжээ. Та юуны төлөө хичээж, хөдөлмөрлөж байна вэ?
5. Эрч хүчээ сэлбэх
Өөртөө эзэн болж, бусдыг манлайлахын тулд бидэнд эрч хүч хэрэгтэй. Үүний тулд юунаас эрч хүч авдаг, юу бидний эрч хүчийг унагаадаг болохыг олж мэдэх нь чухал. Хүн эрч хүчийг дараах зүйлсээс ихэвчлэн авдаг байна.
Хүн, орчин
Нойр
Хоол
Дасгал хөдөлгөөн
Сэтгэл санааны байдал
Хүн, орчин
Хэн танд эрч хүч өгдөг вэ? Тэдгээр хүмүүстэй тогтмол уулзаж, талархаж байх нь зөв. Харин эсрэгээрээ сэтгэлээр унагадаг, эрч хүч сордог хүмүүс бий. Энэ хүмүүст зориулдаг цагаа аль болох багасгах хэрэгтэй. Миний анзаарснаар хохирогчийн сэтгэлгээтэй буюу аливаа зүйлийн болохгүй, бүтэхгүй талыг хардаг, шүүмжлэгч нар, бас утга учиргүй их хов ярьдаг хүмүүстэй хамт байхдаа би эрч хүчээ алддаг. Харин эерэг хандлагатай, хөдөлмөрч, зорилготой хүмүүс надад маш их эрч хүч өгдөг. Ийм хүмүүс миний эргэн тойронд, гэр бүлд бий. Гэхдээ хамгийн их эрч хүч өгдөг хүмүүс бол миний үйлчлүүлэгч нар. Одоогийн байдлаар 7 хоногтоо 3-4 үйлчлүүлэгчтэй манлайлал, хувь хүний хөгжил, нөлөөлөл, цагийн менежмент, бизнес зэрэг сэдвээр тогтмол ярилцаж байна. Тэдэнд ирж буй ухаарал, өөрчлөлт, шинэ боломжийг харахдаа маш их эрч, хүч цэнэг авдаг. Та хэнээс эрч хүч авдаг вэ?
Нойр
Нойр бол бүхний суурь. Хоол, дасгал хөдөлгөөн, сэтгэл санаандаа анхаарч, эрч хүч өгөх хүмүүстэй тогтмол уулзсан ч, хэвийн цагаар унтаж чаддагүй бол нас явах тусам эрч хүчгүй, ууртай, илүүдэл жинтэй нэг болж хувирна. “Өглөөний гайхамшиг” номонд дэлхийн хүн амын 97% нь өдөрт 7-8 цаг унтаж байж эрч хүчээ бүрэн авдаг гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэт бага буюу 6 болон түүнээс бага цагаар унтаад эрч хүчтэй байдаг хүмүүс дэлхийн хүн амын зөвхөн 3% хувь. Өглөө 5 цагаас 5 цаг 30 минутын хооронд босдог зан дадалтай болохын тулд би орой 10 цаг гэхэд орондоо ордог болсон. Хэдэн цагт ч босох бай, 7 цагаас илүү ч үгүй дутуу ч үгүй унтахдаа эрч хүч өндөртэй байдаг юм байна гэдгээ олж мэдсэн гэх үү дээ. Зугаа цэнгэл, интэртэйнмэнтээс, нойроо авахыг илүүд үздэг болсон. Учир нь бүтэн нойр миний эрч хүчийн ундарга. Өдрийн цагаа дэмий өнгөрүүлчихээд, шөнө сууж хичээлээ, ажлаа хийнэ гэдэг. Энэ дадал урт удаан хугацаандаа сэтгэл санаа тавьгүй байдал, стрэсс, илүүдэл жингийн суурийг тавьчихдаг юм шиг. Үүнийг нотлох олон судалгаа бий. Аль болох эрт эрүүл амьдралын хэмнэлтэй болох нь олон жилийн турш эрүүл, эрч хүчтэй байж, илүү ихийг амжуулахад тустай. Та өдөрт хэдэн цаг унтдаг вэ? Зохих хэмжээнд бүтэн нойртой явахын тулд та ажил, амьдралын ямар хэмнэлээ өөрчлөх хэрэгтэй байна вэ?
Хоол хүнс
Австралид сурч байхдаа эрүүл хооллолтын ач холбогдлыг үнэхээр ойлгосон. Эхний улиралд Монгол хоол буюу бор мах ихтэй хоол иддэг байв. Өглөө эрт босож чадахгүй, эрч хүчгүй, бодисын солилцоо тааруу, нэг их бараан царайтай, ядарсан оюутан. Миний найз Итали охин хичээлийнхээ хажуугаар 2 ажил зэрэг хийнэ, сурлага яг адил. Тэр бас хэзээ ч ядарлаа гэж хэлэхгүй, цоглог хэвээр. Түүний идэж буй хоол минийхээс тун ондоо байв. Загас, ногоо, самар, жимс түлхүү иднэ, урьдчилан бэлтгэчихнэ. Хоёрдугаар улирал эхлэх үеэр найз маань зочлон ирж, хичээл хийж амжихгүй байгааг минь харахдаа амархан бэлтгэж болох хоол хүнс идэж байхыг зөвлөв. Тэгээд дэлгүүрээс лаазалсан, урьдчилан бэлтгэсэн хүнс авч хэрэглэж үзлээ. Гэдэс дүүрээд, сэтгэл санаа тавгүйтээд, үнэхээр урьдчилсан бэлтгэсэн, хадгалалт уртасгах бодистой хүнс хүний биед хэрхэн нөлөөлдгийг энэ туршилтаас бүрэн ойлгосон. Үүний дараа Итали найзынхаа хоолны дэглэмийг барьж эхэллээ. Өглөө эрт босно, ядарч сульдахгүйгээр хичнээн олон зүйл амжуулж байсан гээч. Энэ сайн дадлаа Монголд ирээд хэрэгжүүлэхийг хичээж эхэлсэн, гэхдээ хүйтэн ширүүн уур амьсгалтай учраас махны хэрэглээгээ бага зэрэг нэмсэн. Ногоо, жимс, самар, ислэг ихтэй хүнс түлхүү хэрэглэж, сахар ихтэй бүтээгдэхүүнээс аль болох татгалздаг. Миний эрч хүчийн нууц бол хоол хүнс бөгөөд биед сөрөг нөлөөтэй, эрч хүч унагах хоол хүнснээс хол байхыг өөртөө сануулж, хил хязгаар тавьдаг. Таны сэтгэл санаа тавгүй, бие сулдуу байгаа бол өдөр тутмын хоолны дэглэмээ ажиглаад үзээрэй. Тэгээд бага зэрэг өөрчлөлт оруулж яагаад болохгүй гэж.
Дасгал хөдөлгөөн
Нүүдэлчин соёл иргэншилтэй ард түмний амьдралын хэмнэл байнга хөдөлгөөнтэй байхыг шаарддаг. Харин хот суурин байдлаар суурьшиж байгаа маань хөдөлгөөний дутагдалд орохын эх үүсвэр болж байна уу. Зориудаар, хөдөлгөөн хийхийн тулд гадаа алхаж, дасгал хийж, гүйдэг соёл социализмын үед тогтсон байсан боловч, энэ дадал зуршлаа 90 оноос хойш алдаж эхэлсэн юм шиг. Харин сүүлийн 5 жилд дасгал хөдөлгөөний ач холбогдлыг ухаарч, хаа сайгүй фитнес, оиг болон бүжгийн төвүүд нээгдэв. Дасгал хөдөлгөөний амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож чадсан хүмүүс олширсоор. Хүний биеэс хөлс гарахад аз жаргалын гормон ялгарна, үр дүнд нь сэтгэл санааны байдал дээшилж, эрч хүч нэмэгдэнэ. Манайхан “муу хөлсөө гаргах” гэж ярьдаг даа. Биед хуримтлагдсан хор, муу энерги, таагүй мэдрэмжээ авч хаях шиг сайхан мэдрэмж дасгал хийсний дараа ирдэг. Ейл болон Оксфордын их сургууль “Дасгал хөдөлгөөн хүний амьдралыг мөнгөнөөс илүү аз жаргалтай болгодог” болохыг тогтоосон байна. Миний хувьд 7 хоногт 3 удаа дасгал хийдэг, дасгал хийх боломжгүй байвал алхдаг. Тогтмол дасгал хийж байгаа үед эрч хүч нөхөн сэлбэгдсээр л байдаг. “Энэ дэлхий эрч хүчтэй хүмүүсийнх” гэсэн үг байдаг шүү дээ. 7 хоногтоо дасгал хөдөлгөөн хийхгүй өнгөрөхгүй байх нь миний өөртөө тавьдаг хил хязгаарын нэг. Та дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг юу гэж боддог вэ? Тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг амьдралынхаа нэг хэсэг болгохын тулд ямар зохицуулалт, өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
Сэтгэл санаа
Сэтгэл санааны байдлаас бидний биеийн эрчим хүчний хэлбэлзэл, эрч хүч хэвийн байх эсэх нь маш их шалтгаалдаг. Сэтгэл санааны байдал тогтуун, эерэг байх тусам эрч хүчээ алдахгүй, сэтгэл санаагаар унаж, орондоо хэвтэхгүй. Иймд миний өөртөө тавьдаг нэг хил хязгаар бол аливаа үйл явдалд хэт их ач холбогдол өгч, туйлшрахгүй байх. Надтай хэн нэг хүн муухай харилцаж, муулж, хов дамжуулж, муу зүйл хийх гэж оролдсон бол хамгийн түрүүнд цаад учир шалтгааныг тунгаадаг. Хүн өөрийнхөө шалтгаанаар л аливаа зүйлийг хийдэг. Миний гэр бүлд, ажил дээр асуудал үүсвэл “би ямар алдаа гаргасан бэ?” гэж өөрөөсөө асууна. Өөрөөсөө алдаагаа хайгаад, дараа нь сэтгэл санаа тавьгүйтүүлэх аливаа үйл явдлыг өөрт тайлбарлах, харах өнцгөө өөрчлөхийг хичээдэг. Үр дүнд нь миний сэтгэл санаа тайвширна, хэт туйлшруулж бодохгүй. Мэдээж, бясалгал, төвлөрөл тогтмол хийх нь бодлоо хазаарлах, сэтгэлээ тогтоон барихад тустай. Сэтгэл хөдлөлийн тухай дэлгэрүүлж уншихыг хүсвэл эдгээр нийтлэлийг уншаарай.Түүнчлэн, илэрхийлээгүй, нуун дарагдуулсан сэтгэл хөдлөл хүнд эргээд асар том чулуу болж бууж ирдэг. Сэтгэл санагаа амар байлгаж байна гээд сэтгэл хөдлөлөө нуун дарагдуулж, сонсохгүй, илэрхийлэхгүй орхиж болохгүй гэсэн үг. Илэрхийлэх аргаа зөв олох хэрэгтэй.
6. Урам зориг, эерэг нөлөөлөл түгээх
Нийгмийн сүлжээний оролцоо амьдралд ихсэхийн хэрээр, хүн өөрийгөө бусадтай харьцуулж, шүүмжлэлд өртөх нь ихсэж байна. Ялангуяа, өөрийн дотоод ертөнцийг нээж хараахан амжаагүй залуучууд үүнд өртөх нь элбэг байна уу. Иймээс уулзсан хүн бүрийнхээ сайн талыг олж харж, урам зориг өгөх нь маш чухал санагддаг. Энэ дэлхийгээр дүүрэн шүүмжлэгч нар байхад би нэмэрлээд яахав. Он солигдох мөчид өөртөө тавьсан нэг зорилго бол “бусдыг шүүмжлэхээ болих” байв. Хагас жил өнгөрөхөд би харьцангуй эерэг бөгөөд бусдаас сайн сайхныг олж харах мэлмийгээ нээсэн гэж бодож байна. Бусдыг шүүмжлэхгүй байх нь миний өөрт тавьдаг нэг хил хязгаар болсон гэсэн үг шүү дээ. Энэ дадлаа тэжээн тэтгэхийн тулд өдөр бүр талархал боддог, бичдэг. Бусдын тухай муу бодол орж ирэхэд ч бичнэ. Энгийн боловч амьдралыг улам илүү өнгөлөг, аз жаргалтай болгодог гайхалтай арга. Та яг одоо хэн хэнд чин сэтгэлээсээ талархахыг хүсч байна вэ?
7. Утга учиртай харилцаа тогтоох
Бүх ур чадвараас хамгийн чухал нь миний бодлоор бусадтай утга учиртай, тогтвортой харилцаа тогтоох. Бид юуг ч ганцаараа хийж чадахгүй. Бусдад итгэж, бусдын дэмжлэгийг авч, буцаагаад зохих ёсоор өгч, харилцан хүндэтгэлтэй, ашигтай харилцах нь урт удаан хугацаандаа харилцаагаа тогтвортой авч явахын суурь. Харилцаанд зөвхөн аваад л байвал, өөрөө л давамгайлаад байвал урагшлахгүй. Эго буюу “би”-ийн үзэл хэт их хүнийг хүмүүс, ялангуяа Монголчууд бид итгэж дагах дургүй байдаг.Миний харилцаандаа барьдаг нь нэг хил хязгаар бол өөрийн эгог тэнцвэртэй байлгах. Хэт их “би” гэж яриад байна уу, бусдын санаа бодлыг сонсож, хүндэтгэж чадаж байна уу гэдгээ өөрөөсөө тогтмол асууна. Бас аливаа харилцаандаа зохих хил хязгаар тогтоохыг хичээнэ. Таны утга учиртай, тогтвортой харилцаа тогтоох чадвар ямар түвшинд байна вэ? Сайжруулахын тулд ямар алхам хийж болох вэ? Энэ бол миний өөртөө тавьдаг олон хил хязгаар, зарчмын нэг хэсэг. Өөрийгөө хазаарлах, өөрчлөх, төлөвшүүлэх нь хамгийн хэцүү. Гэхдээ дотоод зүрх сэтгэлтэйгээ, өөртэйгөө ажиллаж байгаа цагт амьдралын бусад талбарууд дагаад цэгцэрдэг. Бусдад хатуу хил хязгаар тавьж, хэт их шүүмжлэхээс өмнө өөрт тавьдаг хил хязгаараа сэргээгээд үзээрэй. Хүмүүс хэлүүлэлтгүй таны хил хязгаарыг ойлгож, хүндэтгэж эхлэх болно. Б.Болормаа 2019 оны 6-р сарын 06 #boundarysetting #thewayofliving #хилхялзгаар #амьдралынхэвмаяг #амжилт
Comments