Сэтгэл хөдлөл ба уураг тархи
- Bolormaa Boldbaatar
- Aug 5, 2019
- 3 min read
Updated: Oct 16, 2019

Уураг тархины хамгийн чухал үүрэг бол хүнийг амьд үлдэх, оршин тогтноход нь туслах юм. Тархины бүтцийг хамгийн энгийн байдлаар тайлбарлавал анхдагч, сэтгэл хөдлөлийн (лимбик систем), оюунлаг гэсэн 3 үндсэн бүтэцтэй. Анхдагч тархинд хүний амьд үлдэхтэй холбоотой суурь мэдээлэл, мэдрэмж тухайлбал өлсөх, цангах, ядрах гэх мэт мэдээлэл очно. Анхдагч тархины дараа иррационал буюу сэтгэл хөдлөлийн тархи бий болсон гэж үздэг. Энэхүү сэтгэл хөдлөлийн тархинд бүхий л сэтгэл хөдлөлийн мэдээлэл бий болох бөгөөд бүх дурсамж, өнгөрсөнд болсон үйл явдлууд бүртгэгддэг байна. Рационал буюу оюунлаг тархи нь хамгийн сүүлд үүссэн гэгдэх бөгөөд бидний амьтнаас ялгарах чухал онцлог.
Тархи маань биднийг хамгаалахаар бүтээгдсэн учраас 1 секундэд 5 удаа орчноо ажиглаж, аюул байгаа эсэхийг шинждэг байна.
Хүн орчин тойрноос ирсэн мэдээллийг хамгийн түрүүнд сэтгэл хөдлөлийн тархинд хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл “би сэтгэл хөдлөлгүй хүн, надад тийм мэдрэмж байхгүй, би юуг ч сэтгэл хөдлөлөөр шийддэггүй” гэж ярьдаг нь бидний өөрсдөдөө хэлдэг хамгийн том худал юм. Сэтгэл хөдлөлийн тархинд мэдээлэл ирэхэд автомат хариу үйлдэл үзүүлдэг (дадал хэвшил болсон реакц). Энэ автомат хариу үйлдэл нь хамгийн хурдан хугацаанд хүнийг бодит аюулаас хамгаалах механизм. Тархи маань биднийг хамгаалахаар бүтээгдсэн учраас 1 секундэд 5 удаа орчноо ажиглаж, аюул байгаа эсэхийг шинждэг байна.
Бидний тархины хамгийн чухал үүрэг бидний аюулаас хамгаалах гэж дээр дурдсан. Энэ үүргийг хариуцагч хэсгийг амигдала гэдэг. Амигдала нь аюулыг мэдэрч биеийн бусад эрхтнүүдэд дохио өгч сэрэмжлүүлдэг онцгой байдлын төв гэж ойлгож болно. Амигдала идэвхжихэд биеийн бусад бүх эрхтэнд онцгой байдлын улаан гэрэл асч, бие бүх потенциал, хүчин чадал, анхаарлаа тухайн аюултай тэмцэхэд чиглүүлнэ. 5 секунд тутамд орчинд аюул байгаа эсэхийг таны тархи ухамсаргүйгээр эрэлхийлж, аюул мэдрэгдсэн даруйд биеийн бүх хүчин чадал, анхаарлыг тухайн аюултай тэмцэхэд зориулна гэсэн үг.
Эрт дээр үед биднийг онгон зэрлэг байх үед зэрлэг араатан, амьтан хаанаас л бол хаанаас дайрч, амийг нь авчих боломжтой байсан тул энэхүү амигдала хүчтэй хөгжжээ. Гэвч соёл иргэншсэн нийгэмд орчны аюул, эрсдэл багассан. Мэдээж хэрэг амигдала нь биднийг аливаа осол эндэгдлээс өөрийгөө хурдан аварч гарахад тустай боловч энгийн үйл явдлыг онцгой аюул гэж төөрөлдөх нь бий. Ажлын байран дээрх таагүй харилцаа, зөрчил маргаан, удирдлагаас ирэх санал зөвлөмж, эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг аюул гэж үздэг болсон байна.
Амигдалад аюулын дохио ирэхэд хүний уураг тархи 3 төрлийн өөрийгөө хамгаалах үйлдэл хийдэг байна. Нэгдүгээрт, хөших (freeze), хоёрдугаарт, зугтаах (flight), гуравдугаарт, дайрах (fight). Эдгээр гурван хариу үйлдэл тогтмол идэвхтэй байснаар хүний эрүүл мэнд, оюун санаа доройтож, өөртэйгөө болон бусадтай харилцах харилцаагаа нурааж байдаг. Учир нь биеийн үйл ажиллагаа түгшүүр, өндөржүүлсэн бэлэн байдлын төлөвт шилжиж, бүрэн амарч, нөхөн төлжиж чаддаггүй.
Таныг хамтран ажилладаг хүн таны тэмдэглэлийн дэвтрийг хэлэлгүй аваад уншчихсан гэж бодьё. Та энэ үйл явдлыг аюул хэмээн хүлээн авч (таныг нууцыг хүмүүс мэдчих вий гэхээс айсан байж болох юм), өөрөө ч мэдэлгүй түүнтэй муудалцав (амигдала идэвхжив). Муудалцахаас өмнө буюу тэмдэглэлийн дэвтэр алга болсон даруйд таны алга хөлөрч, зүрх хүчтэй цохилж, нүүр улайж, яг л дэлбэрэх гэж байгаа мэт мэдрэмж биед илэрнэ. Тэгээд таны уур хүрч (сэтгэл хөдлөл), өндөр дуугаар дургүйцлээ илэрхийлэхэд (дайрах хариу үйлдэл) “юун сүртэй юм бэ” гэсэн үл тоомсорлосон хариу өгөв. Энэ байдал таныг дургүйг улам хүргэжээ.
Амигдалад мэдээлэл дамжуулж, идэвхжүүлэх нероны холбоос замыг лимбик систем (сэтгэл хөдлөлийн тархи) гэнэ.
Дээрх үйл явдалд үзүүлсэн таны хариу үйлдэл лимбик системд тодорхой эсүүдийн холбоосыг үүсгэнэ, тэр холбоос буюу дурсамж лимбик системд хадгалагдана. Үүнийг огт машин явж байгаагүй шороон замд машин явж, зам мөр гаргахтай зүйрлэж болох юм. Машин явсан ул мөр үлдсэн тул дараагийн машины жолооч тухайн замыг хамгийн дөт бөгөөд аюулгүй гэж итгэн сонгоно. Өөрөөр хэлбэл, дээрхтэй адилхан үйл явдал тохиоход амигдала идэвхжиж, хуучин дурсамж дахь хариу үйлдлийг эргэн санаж, идэвхжүүлнэ. Уурлаж байсан бол бүр хүчтэй уурлана. Амигдалад аюулын дохио илгээх хурд улам түргэснэ. Ингээд “А” ч гэж амжаагүй байхад аль хэдийн хашхичиж, муудсан, юм аваад шидчихсан байх болно.
Тархины неронуудын холбоос зам уян хатан буюу хувирч өөрчлөгддөг болох нь тархи судлалын томоохон нээлт болсон. Хүний тархи өөрчлөгдөх чадамжтай.
Ийнхүү тархин дахь тухайн эсүүдийн холбоос замнал яг л машины зам тодрохтой адил тодорсоор л байх болно. Үр дүнд нь хайртай хүмүүсээ гомдоож, хүмүүстэй муудалцаж, бүр насан туршдаа ч харамсах үйлдлийг өөрөө ч мэдэлгүй хийх чадамжтай болно. Уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг намжаах улам хэцүү болж эхэлнэ.
Уур бол сэтгэл хөдлөл, энэ сэтгэл хөдлөлд автахаас сэргийлэх буюу амигдалад аюулын дохио очих хурдыг багасгах ухааныг сэтгэл хөдлөлийн чадамж гэж ойлгож болно.
Неронууд нэгдэж зам үүсгэж, тэр зам нь аливаа үйл явдалд адилхан хариу үйлдэл үзүүлэх бүрт улам бүр тодорно. Тодорхой нэг үйл явдалд хүчтэй уурлаж, онцгүй дурсамж үлдээжээ. Үүнтэй төстэй үйл явдал дахин тохиоход бүр хүчтэй уурлана гэсэн үг. .Сэтгэл хөдлөлийн чадамжаа хөгжүүлэх замаар амигдала онц ач холбогдолгүй зүйлд идэвхжихээс сэргийлэх нь насан туршийн тэмцэл гэлтэй.
2019 оны 3-р сарын 16 Б.Болормаа
Comments