top of page
Search

Стрэсс танд хэрхэн нөлөөлж байгаа бол?

Сүүлийн үед ачаалал ихтэй ажиллаа. Стрэсстээд байгаагаа мэдэрч байсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар нэг мэдэхэд вэбинар зохион байгуулах өдөр тулсан байв. Вэбинар маань өнөөдөр өглөө 5 цагт болж өнгөрлөө.


Энэ сургалтанд бэлтгэх долоо хоногт бүх юм давхцжээ. Көүчинг ярилцлагууд, харилцагчид хийж өгөх болон маркетинг, сурталчилгааны ажлын жагсаалтууд, ментортой хийх уулзалт, ярианы клубд хийх илтгэл, нэмээд гэрийн ажлууд. Тэр дундаа хамгийн их стрэсстүүлсэн, цаг авсан ажил IT-тай зууралдах хэсэг байлаа. Бүтэн 4 цаг домэйн нэрээ нэг платформтай холбох гэж оролдлоо. Хөшиж ядраад, нөхрөөсөө тусламж хүсэв. Аравхан минутад амжуулчих юм.

“Бусдаас тусламж” хүсч бай, бүхнийг өөрөө хийх албагүй гэсэн сургамж авсан даа.

Та сүүлийн юунаас болж стрэсстэж байгаа бол? Эсвэл огт стрэсстсэн мэдрэмж төрөхгүй амар амгалан байна уу? Тийм бол танд баяр хүргэе. Хорвоо ертөнц уужим, хийх зүйл их байхад эрч хүчээ стрэсстэж барах хэрэг юу байна.


Харин би юунаас болж стрэсстэж, стрэссээ хэрхэн даван туулах аргаа мэдэж байсан хэдий ч өөрийн зөрүүд, уйгагүй зандаа хөтлөгдөн өдөр, шөнөгүй гэрийн оффистоо суусаар, ийнхүү эрч хүчээ баржээ. Вэбинар хийхийн өмнөх өдрөө цэвэр агаарт гараад алхчихсан бол, сайн унтаж амарсан бол, массаж хийлгэчихсэн бол, ажлаа хэт бодож тархиндаа ачаалал үүсгээгүй бол вэбинар маань улам чанартай явах байлаа, өөрөө ч эрч хүчээр цэнэглэгдэх байлаа. Ганц нэг техникийн алдаа гаргасан ч ямар ч гэсэн нэг ажлын ард гарлаа. Харамсалтай нь хуваалцах хэд хэдэн жишээ мартаж орхижээ.


Стрэссийн тухай хичээл орсон хэрнээ өөрөө стрэсстсэн байгаагаа мэдрэх ямар онцгүй гээч. Миний энерги оролцогч нарт нөлөөлсөн байх вий гэдэгт бага зэрэг сэтгэл дундуур байна. Интернэтээр ярилцаж буй хүмүүс хоорондын энергийн урсгал биечлэн уулзаж байгаагаас ялгаагүй дамждаг гэсэн судалгаа бий.

Стрэсс хүний бие, сэтгэл болон оюун ухааны чадамжийг дарангуйлж байдаг тул вэбинараа ийнхүү санасандаа тултал хийж чадаагүй нь аргагүй биз дээ.

Өнөөдөр өдөр 4 цагаас эхлэн уулзалтуудтай тул түүнээс өмнө стрэссээ тайлахаар шийдэв. Оффисынхоо хаалгаа хааж орхиод, нөхөртөө “сэтгэл тавгүй байна, гарлаа” гэхэд, “хүүхнүүд яагаад ингэж их мэдрэмтгий байдаг байна аа. Би өдөржин ажиллаад л зүгээр байх юм” гэхэд, дуугүй байж чадахгүй “хүүхнүүдийн бие, сэтгэлээ сонсох чадвар илүү дээр хөгжсөн байх талтай” гэж хэлээд авав. “За явж тайвшир даа” гээд бодолхийлсэн шинжтэй хаалгаар үдлээ.

Цэвэр агаарт гарлаа, орчноо солилоо. Голын эрэг рүү харж суугаад ийнхүү бодлоо цэгцлэн бичиж сууна. Хүнд хэрэгтэй юм бичиж байгаа эсэхээ мэдэх юм алга, гэхдээ бодол минь цэгцэрч тайвширч байгааг анзаарч байна.


Буцлаад дэврэх гэж буй данхтай цайны тагийг авах шиг нэг тийм тайвширсан мэдрэмж. Энэ мэдрэмжээ өөртөө хадгалахын тулд ямар арга хэмжээ авахаа өөртөө шийдээд, энэ утгагүй бичвэрээ өндөрлөе дөө.


Бие, сэтгэлээ стрэссээс хамгаалахын тулд Болормаа миний бие дараах зан дадлыг хэвшүүлэх ажлаа үргэлжлүүлэх болно.


  1. Өглөө сэрэнгүүтээ утсаа харахгүй байх. Үүний оронд урам зориг өгөх номын ишлэл, шүлэг унших

  2. Өглөө бүр “Баярлалаа” төвийн “9 минутын бясалгал” хийх.Үнэхээр хүчтэй!

  3. Өглөө бүр хөгжмийн зохиолч Шарав болон Жанцанноров гуайн аяыг сонсох

  4. Өдөрт 3 ажил л хийнэ гэж төлөвлөх. Хэт олон юм хийх гэж төлөвлөдөг муу зуршилтай.

  5. Бүхнийг өөрөө хийж эсвэл олон зүйл амжуулах гэж өөрийгөө зовоохгүй байх. Эгогоо өөхшүүлэхээ болих

  6. 7 хоногт 3 удаа дасгалдаа явах

  7. 7 хоног бүр ууланд гарч эсвэл голын эрэг дагаж алхах

  8. Зөвхөн бизнесийн бус, уран зохиолын ном унших

  9. И-мэйл болон сошиал медиагаа өдөрт хамгийн ихдээ 3 удаа, тогтсон цагуудад шалгах

  10. Хайртай хүмүүстэйгээ чанартай цагийн өнгөрүүлэх, тэдэнд туслах, ярилцах, тэврэх-we are wired to connect^

  11. Хөгжилтэй видео эсвэл кино үзэх, инээх-Инээд бол стрэсст тайлах хамгийн шилдэг эм. 

  12. Тогтмол хөнгөн хоолло-ачаалалтай үедээ 4 цаг тутам хөнгөхөн юм идэж байхгүй бол тархи стрэссийн горимд шилждэг. 

Бидний тархи тогтсон зан дадал, үйлдэлд тун дуртай.

Аюулд өртөөгүй байна гэсэн мэдрэмжийг авч, бие сэтгэлийг амралтын тайван горимд шилжүүлдэг гэсэн үг. Зөв зан дадал бол стрэссгүй амьдралын эхлэл. Аз жаргалыг энгийн зүйлээс.

Өнөөдрийн вэбинарыг маань үзэх бол та энэ линкээр ороорой. Тарх судлалын ухааны доктор Хэиди Хана болон Сара Макай нараас сурсан зүйлсээ хуваалцсан болно.


Вэбинарын үеэр нээгдэхгүй байсан видео бичлэгүүдийн линк:


2019 оны 1-р сарын 21

Б. Болормаа, Хүний нөөцийн Магистр, Олон улсын зэрэгтэй көүч, пасилитэйтр.


 
 
 

Comments


Subscribe Form

519-594-2362

  • facebook
  • twitter
  • linkedin

©2019 by clarity.mn.

bottom of page