top of page
Search

Сэтгэл хөдлөлөө удирдах энгийн аргаас

Сэтгэл хөдлөлөө залах нь үүссэн нөхцөл байдлыг удирдах бус, харах өнцгөө өөрчлөхөөс эхэлнэ.


Өөрийгөө таньж мэдсэний дараа өөрийгөө хэрхэн удирдах тухай асуудал үүснэ. Өөрийгөө удирдах (self-management) домэйнд сэтгэл хөдлөлөө хянах, дасан зохицох, зорилгод тэмүүлэх, эерэг хандлага гэсэн 4 чухал ур чадвар багтдаг. Энэ удаагийн нийтлэлээр сэтгэл хөдлөлөө хянах тухай тайлбарлалаа.Өмнөх нийтлэлд Систем 1 буюу далд ухамсар нь бидний амьдралын 95%-ийг удирддаг тухай дурдсан. Өнгөрсөн хугацаанд таны амьдралд тохиолдсон үйл явдал, түүнээс үүдэлтэй сэтгэл хөдлөл, мэдрэмж таны аливаа зүйлийг харах өнцөг, үзэл хандлагыг чиглүүлж байдаг гэсэн үг.



Жишээ нь, улс төр, ард түмэн гэдэг үгийг сонсоход тус тусдаа танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ? Аль ч толь бичигт эдгээр үгсийн тайлбар адилхан утгатай бууна. Харин таны сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Таны далд ухамсарт энэ хоёр үгтэй холбоотой ямар дурсамж, сэтгэл хөдлөл, хадгалагдсан байгаагаас шалтгаалан, зарим хүнд “улс төр” гэж сонсохоор сөрөг мэдрэмж төрж, заримд нь таатай санагдана. Ард түмэн гэж хэлэхэд зарим хүнд хүчтэй сэтгэгдэл төрөхгүй ч, зарим улс төрчдөд тун таагүй мэдрэмж төрж болох юм. Энэ хоёр үг хүн бүрийн амьдралын туршлагаас хамааран өөр өөр харах өнцөг, сэтгэл хөдлөлийг бий болгож байна. Хүн бүрийн систем 1 буюу далд ухамсарт бичигдсэн мэдээлэл, дурсамж ондоо учраас өөр өөр үзэл хандлага, харах өнцөгтэй . Өөрөөр хэлбэл бидний аливаа үйл явдлыг харах өнцөг, үзэл хандлага зөвхөн бидний далд ухамсар дахь мэдээллээр хязгаарлагддаг гэхэд хилсдэхгүй. Иймд зөвхөн “миний зөв” гэж эсэргүүцэж тэмцэхээс өмнө бусдын үзэл хандлагыг сонсож, баримт нотолгоо харьцуулж харан, харах өнцгөө тэлэх гэж хичээх хэрэгтэй. Үүнийг нээлттэй сэтгэлгээ хэмээн нэрлэж болох юм. Нээлттэй сэтгэлгээг эрэлхийлэгч хүмүүс шинэ мэдээлэл мэдлэг олж авч, сонирхолтой хүмүүстэй уулзаж ярилцан, өөрийгөө сорихыг хичээдэг. Өнгөрсөн амьдралаараа одоогийн амьдралаа удирдахгүйн тулд харах өнцгөө, үзэл хандлагаа тэлэхийг хичээж байгаа хэрэг.

Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?

Сэтгэл хөдлөлөө залах нь үүссэн нөхцөл байдлыг удирдах бус, түүнийг харах өнцгөө өөрчлөхөөс эхэлнэ. Харах өнцгөө өөрчлөхийн тулд тархины далд ухамсарт хөтлөгдсөн хэвшмэл сэтгэлгээг систем 2 буюу ухамсарт бодол сэтгэлгээгээр залах хэрэгтэй. Ямар дурсамж, ямар сэтгэл хөдлөл, мэдрэмжтэй холбоотойгоор энэ хүчтэй сэтгэл хөдлөл, мэдрэмж бий болов? хэмээн хариултаа өөрөөсөө хайж үзээрэй. Энэ асуулт систем 1 (далд ухамсраас үүдэлтэй)-ийн хариу үйлдлийг нь систем 2 руу шилжүүлж, ухамсартайгаар, эрүүл ухаанаар сэтгэл хөдлөлөө залахад туслах болно. Энэ сэтгэлгээний шилжилтэд (Систем 1-ээс систем 2 руу шилжихэд) 6 секунд шаардлагатай гэдэг. Энэ шилжилтийг хийж чадахгүй бол өнгөрсөн хугацааны дурсамж, сэтгэл хөдлөл дахин дахин давтагдсаар байх болно.

Энэ зарчмыг би өөрт тохиолдсон жишээгээр тайлбарлахыг хичээе.

Монголд нийгмийн идэвх сайтай тун завгүй ажиллаж, амьдардаг байжээ. Долоо хоногт заавал 1-2 арга хэмжээнд явна, найз нөхөдтэйгөө уулзана, ажлын уулзалт, сургалт хийнэ. Гэртээ өглөө гараад орой л орж ирдэг байв. Завгүй амьдрал бол аз жаргалтай амьдрал гэсэн уриатай. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй ажил эрхэлж, гэрт бараг тогтдоггүй байв. Ээж маань “Гэртээ удаан амрах дэмий. Гэртээ удаан суусан эмэгтэй хүн муухай болчихдог. Битгий л гэртээ суусан хүн болоорой” гэж хар багаас захина. Канадад нүүж ирсний дараа жолооны үнэмлэх, визний нөхцөл зэрэг олон шалтгаанаар гэртээ байх шаадлага үүсэв. Гэрээсээ ажлаа хийж, олон сонирхолтой зүйлд суралцаж байсан ч, 14 хоногийн дараа гэхэд сэтгэл хөндүүрлэж, бухимдаж эхэлсэн. Улмаар хэтрүүлэн идэх, толгой өвдөх, зүрхээр хатгах зэрэг стрэссийн шинж тэмдэг илэрч эхэллээ. Дөнгөж шинэ байшиндаа нүүж орж ирээд, тохижиж байхад яагаад ингэж сэтгэл санааны хүнд байдал орж, стрэсстэв? хэмээн өөрөөсөө асуулаа, нөхөртөө хэллээ. Амьдралын орчин солигдож байгаа учраас ийнхүү сэтгэл санааны өөрчлөлт гарч байгаа байх, удахгүй тайвширна байх гээд нэг их тоосонгүй. Аажмаар байдал бүр дордож өдөр бүр үрчийсэн, бухимдсан, стрэсстсэн царай гаргах боллоо. Байнга том том амьсгаа аваад, цээж хөндүүрлээд хэцүүдсэн шүү хэхэ. Манай хүн өөрөөс нь болоод сэтгэл санаа хэцүү байгаа байх гээд их хичээнэ. Аажмаар бид хоёрын харилцаа ширүүсч, “бүх юм сайхан байхад яагаад ингээд бухимдаад байгааг чинь огт ойлгохгүй байна” гэхэд “би ч өөрөө ойлгохгүй байна. Намайг тайван орхи” гээд адаар ааш гаргана. Нэг өдөр “чи гэрт байгаа байж хоолоо оройн хоолоо өөрөө хийчихэж бай л даа ” гэсэнд би тун их бухимдаж, уйлж орхилоо. Санаанд оромгүй бас ухамсарт бус хариу үйлдэл. Олон хоног сэтгэл санаа тавгүйрхэж, стрэсстэж байгаад яг дэлбэрэх гэж байх үед манай хүний гомдоллох нь таарч. “Хоол хийж болно, гэхдээ амтгүй гээд идэхгүй байв даа” гэх мэт наргиан болгоод л өнгөрдөг байсан. Харин ингээд уйлж орхисонд манай хүн нилээд гайхсан шүү.   Яагаад сэтгэл санаа тавгүйтсэн бэ? Өнгөрсөн 10 жилийн амьдралын философи (амрах завгүй хүн аз жаргалтай), “эмэгтэй хүн өдөр бүр нүүрээ будаад өдөр бүр ажилдаа явах ёстой” зэрэг далд ухамсарт маань нэвт шингэсэн үзэл хандлага, дурсамж одоогийн маань амьдралын нөхцөл байдалтай зөрчилдөж, үр дүнд нь би бухимдаж, стрэсстэж байжээ. “Яагаад энэ сөрөг сэтгэл хөдлөлд автаж, тавгүйтэх болов? Юунаас болоод уйлав? хэмээн асуудлыг өөрөөсөө хайсны үр дүнд үүнийг ухаарч ойлгосон. Нөхцөл байдалд, бусдад бурууг өгөхөөс татгалзаж, цаад учир шалтгааныг өөрөөсөө хайж эхэлсэн нь ухамсарт тархиа ажиллуулж, эрүүл ухаанаар сэтгэхэд тусалсан .

Далд ухамсар дахь дурсамж, үзэл хандлага, сэтгэл хөдлөл маань одоогийн нөхцөл байдлыг “буруу, таагүй, танил бус” гэсэн дохио илгээж байгаад хамаг учир байжээ.

Иймд би өөртөө “Амьдралд тохиолдож буй зүйлсийг байнга удирдаж, зохицуулж, сонгож чадахгүй” гэдгийг дахин сануулав. Жолооны эрх авах, визний нөхцөл өөрчлөх хугацааг өөрчилж чадахгүй. Харин энэ нөхцөл байдалд үзүүлэх өөрийн хариу үйлдлийг сонгож чадна. Энэ мөчөөс эхлэн таагүй мэдрэмж, сэтгэл хөдлөл алга болж эхэлсэн. Ийнхүү сэтгэлгээний хувьд Систем 1-ээс систем 2 руу шилжилт хийж чадснаар таагүй сэтгэл хөдлөлөөс өөрийгөө чөлөөлж, харилцаагаа хамгаалж чадав. Цаашид сэтгэлийн амар амгалан байдлаа хадгалахын тулд дараах арга хэмжээг авсан.

Нөхцөл байдлыг харах өнцгөө өөрчлөхийн тулд өглөө бүр талархал бичиж эхлэв.

Өдөр бүр байгаа зүйлдээ талархах замаар амьдралдаа огт анзаарч байгаагүй зүйлийг анзаарч, аз жаргал авч эхэлсэн. Нохойгоо эрхлүүлэх, тэврэх цаг гаргаж, тэдэнтэй илүү ойртсон, гадаа удаан алхаж, шувуу, мод, хүмүүсийг ажиглаж орчин тойронд ямар олон үзэсгэлэнтэй амьтад байгааг анзаарсан, нөхрийнхөө нүд рүү хараад яриаг нь таслалгүй, яаралгүй сонсдог болсон, ном уншихдаа цагтай уралдахаас илүү агуулгыг амьдралдаа буулгаж, эргэцүүлэн боддог болсон. Эргэн тойронд буй гоо үзэсгэлэн, сайн сайхныг зүйлийг анзаарч ажигласнаар аз жаргал ирээдүйд бус, яг энэ мөчид, одоод байгаа гэдгийг дахин ухамсарласан. Зорилгоос зорилгын хооронд цагтай уралдан, хурдан хурдан алхаж, амьсгаа давчдан сандарч яваагаа аз жаргалтай амьдрал гэж боддог байж. Эргэн тойронд буй сайн сайхан зүйлийг огт ажиглахгүй, анхаарахгүй. Тэгээд цаг хугацаа нэг мэдэхэд харвасан сум шиг өнгөрсөн байдаг шүү дээ. Амралт чөлөөгүй ажиллаж, суралцснаар нэг газраа л тойроод байдаг байсан юм шиг. Харин өөртөө цаг гаргаж, тархиа амраах үед олон сайхан ухаарал төрж байна. Бусдад чин сэтгэлээсээ өгөх, хайрлах, талархах бас уучлалт гуйх чин хүсэл бий болно. Энэ бүхэн нөхцөл байдлыг эсэргүүцэж реакцлахаа болиод, хүлээн зөвшөөрч, харах өнцгөө өөрчилж эхлэхэд бий болсон үр дүн.

Амьдралын хэмнэлээ нөхцөл байдалд тааруулан өөрчлөв.

Нэгэнт би 30 жил зөгий шиг завгүй ажилласаар ирсэн юм чинь зүгээр сууж чадахгүй бас тэсэхгүй. Тэгээд гэртээ байх хугацаагаа улам үр дүнтэй болгохын тулд багштайгаа коучинг дадлага, ярилцлага хийж, вэбсайтаа шинэчилж, ажлаа хийж, блог бичиж эхлэв.

Сэтгэл хөдлөлөө удирдах, залах олон арга бий. Түүний нэг нь өөрийн далд ухамсар руу өнгийн харж, хэвшмэл үзэл хандлагаа эргэцүүлэн, үүссэн нөхцөл байдалд өөрөөсөө яагаад хүчтэй реакцалж байгааг асуух юм. Нөхцөл байдлыг харах өнцөг өөрчлөгдөнө, үр дүнд нь таны сэтгэл санаа тайвширна, ухаан санаа саруулжина. Сэтгэл санаа тайван тогтуун үед эрүүл зөв сэтгэж, зөв шийдвэр гаргана. Ийнхүү зөв шийдвэр гаргаснаар бид зөв замаар урагшилна, хөгжинө. 2019 оны 4-р сарын 05 Б.Болормаа

 
 
 

Comments


Subscribe Form

519-594-2362

  • facebook
  • twitter
  • linkedin

©2019 by clarity.mn.

bottom of page