Чин сэтгэлээсээ бусдад өгөөмөр хандахын нууц
- Bolormaa Boldbaatar
- Aug 5, 2019
- 5 min read
Энэ дэлхийн юм бүхэн зах хязгаартай. Хязгаартай учраас бид хүндэтгэж, талархаж, дээдэлдэг. Үүнтэй адил бид хил хязгаараа тогтоохгүйгээр, өөрийгөө хүндэтгэн хайрлаж, бас хүмүүс тантай хүндэтгэлтэй харьцах нөхцлийг бүрдүүлж чадахгүй болов уу. "Хүн шиг харьцсангүй" гэж гомдоллох нь олонтаа сонсогддог шүү дээ.

Сүүлийн үед судлаач, зохиолч Брэнэ Брауны ярилцлага, ном, судалгааг олонтаа унших боллоо. Ялангуяа, түүний "Dare to Lead" номыг сонсож байхдаа бусдад өгөөмөр, сайхан сэтгэлээр хандахын тулд хамгийн түрүүнд хил хязгаараа тогтоох хэрэгтэй тухай олж мэдсэн юм. Бид "сайхан сэтгэл, өгөөмөр зан" төрөлхийнх гэж боддог талтай. Хүмүүсийг сайн, муу, хар, цагаан гээд ангилчихдаг буюу сайн хүн байна гэдэг төрөлхийн мэт ойлгодог.

Брэнэ Брауны олон жилийн судалгааны үр дүнд бусдад чин сэтгэлээсээ өгөөмөр, сайхан ханддаг хүмүүс хил хязгаараа тогтоохдоо хамгийн гаргууд байдаг нь тогтоогджээ. Хил хязгаараа тогтооно гэдэг над шиг бусдад харьцахад амар, сайхан сэтгэлтэй хүн гэж хүндлүүлэхийг хүсдэг хүний хувь үнэхээр гарагийн асуудал. Судлаачийн хувьд ч адилхан юм байна.
Хил хязгаараа тогтооно гэж юу вэ?
Түүний тодорхойлсноор хил хязгаараа тогтооно гэдэг юуг хүлээн зөвшөөрөх, юуг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэж, тодорхойлон, түүнийгээ бусдад таниулах үйлдэл гэнэ.
Бодоод үзэхээр энэ дэлхийн юм бүр хил хязгаартай. Хоногт 24 цаг, сард 30 хоног байдаг учраас өдрийн ажлын цагаа хүндэтгэж, ажлаа сардаа багтааж дуусгахаар төлөвлөнө. Нар тодорхой цагт мандаж, сар тодорхой цагт гардаг учраас бид нар, сарыг хүндлэн, ажил, амьдралаа зохицуулна, бас талархаж дээдэлнэ. Энэ дэлхийн юм бүхэн зах хязгаартай. Хязгаартай учраас бид хүндэтгэж, талархаж, дээдэлдэг. Үүнтэй адил бид хил хязгаараа тогтоохгүйгээр, өөрийгөө хүндэтгэн хайрлаж, бас хүмүүс тантай хүндэтгэлтэй харьцах нөхцлийг бүрдүүлж чадахгүй болов уу. "Хүн шиг харьцсангүй" гэж гомдоллох нь олонтаа сонсогддог шүү дээ. Судлаач, зохиолч Брэнэ “Хүмүүс намайг албаар гомдоож, сэтгэлээр унагаахын тулд аливаа үйлдлийг хийдэг гэж итгэн, тэднийг шүүмжилж, бухимдах нь хил хязгаараа тогтоохоос амархан. Би бусдад хөгжилтэй, уян зөөлөн, харьцахад амар гэж хэлүүлэхийг хүсдэг хүн тул хил хязгаараа тогтоох үнэхээр хүнд байдаг” хэмээн Rising Strong номондоо тэрээр дурдсан байдаг. Хүмүүстэй хил хязгаараа тогтоож, тэдэнд хариуцлагыг хүлээлгэж чадахгүй болохоор л бусдад ашиглуулаад, давраагаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд дотроо гомдоллож уурсана, заримдаа бухимдлаа хүчтэй илэрхийлж гомдооно, харилцаагаа гэнэт тасална. Энэ бүхэн аливаа харилцаанд хил хязгаараа тогтоож чаддагүй байдлаас үүдэлтэй.
Хил хязгаараа тогтоох нь бусдад чин сэтгэлээсээ энэрэнгүй, өрөвч хандахын суурь.
Өрөвч энэрэнгүй хүмүүс өөрт нь юуг хэрэгтэйг сайн мэддэг. Хэзээ “үгүй” бас “тийм” гэж хэлэхээ мэдэх бөгөөд хэлсэн үгэндээ ч эзэн болдог. Тэдний бусадтай тогтоосон хил хязгаар нь бухимдал, гомдол тээхээс хамгаалж чаддаг учраас сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хэвээр үлддэг хэмээн бичжээ.
Хил хязгаараа тогтоож сурна гэдэг өөрийгөө хайрлах зүрх зоригоос эхэлдэг байна. Бусдыг гомдоох байсан ч гэсэн зоригтойгоор юуг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйг илэрхийлнэ гэсэн үг.
Онгоцны аюулгүйн зааварчилгаанд бусдад туслахаасаа өмнө өөрөө эхэлж агааржуулах маскаа зүүхийг сануулдаг шиг та бусдад чин сэтгэлээр, өгөөмөр сайхан хандахын тулд хамгийн түрүүнд өөрийгөө хайрлаж, тордох учиртай. Өөрийгөө хайрлаж, тордох зүрх зоригтой бай, тэгээд бусадтай хил хязгаараа тогтоо гэж судлаач зөвлөж байна. Бусдын хүсэл хэрэгцээнд байнга нийцүүлж, тэдэнд таалагдаж, хүлээн зөвшөөрөгдснөөр өөрийн дотоод үнэлэмжийг дээшлүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Бид зүрх сэтгэлийн гүндээ өөрийгөө байгаагаар нь бүрэн хүлээн зөвшөөрч сурсан цагт бусдаас үнэлэмж хайхаа больдог. Өөрөө байгаагаараа хангалттай болж эхэлдэг гэсэн үг.
Хил хязгаараа хэрхэн тогтоох вэ?
www.oprah.com-д нийтлэгдсэн Брэнэгийн зөвлөмжтэй танилцана уу.
1. Өөрийгөө зоригжуулах үгтэй болох
Хил хязгаараа тогтоохын тулд бид өөрийгөө хүчилж, тухгүй үйлдэл хийх хэрэгтэй болно. Иймд “Би гомдол тээхгүйн тулд түр зуурын тухгүй мэдрэмжийг сонгож байна” гэж өөртөө хэлээд гараа чанга атган, өөрийгөө зоригжуулаарай. Хил хязгаараа тогтоох бүртээ ингэж хэлээд гараа чанга атгана гэсэн үг. Миний нэг таньдаг эмэгтэйн нөхөр уурлахаараа дуугаа өндөрсгөж, хашхирдаг байсан гэнэ. Харилцаагаа аврахаар сэтгэл зүйчтэй ажилладаг байсны хүчинд нөхрөө уурлаж, хашхираад байвал хэрхэн эвтэйхэн байдлаар хил хязгаараа тогтоох тухай олж мэджээ. Сэтгэл зүйч нөхрөө уурлаж эхлэхээр “би чиний уур бухимдлыг өөртөө хүлээн авч чадахгүй”, хашхирч уурлалгүй ярих чадвартай болсон үед чинь ярилцъя” гэж хэлээд өөр өрөө рүү орж байхыг санал болгосон байна. Эхэн үедээ өөр өрөөнд ороод салганаж чичирдэг байжээ. Харин хил хягаараа ийнхүү хамгаалах үйлдлээ дахин дахин давтсаар нөхөр нь ч үүнийг хүлээн зөвшөөрч, өөрөө ч хил хязгаараа хамгаалсны хүчинд гомдож, цөхрөх нь багассан байна. Хүмүүс бид өөрийн үйлдлээ бусдад яаж тусдгийг бараг мэддэггүй шүү дээ. Харин ямар үйлдэл маань хэнийг яаж гомдоож болохыг сайн мэддэг байвал бусдыг гомдоож, бухимдуулах тэр үйлдлийг гаргахаа болино. Хүн бүр сайн санааны үүднээс аливаа үйлдлийг хийдэг, харин хил хязгаарыг нь мэдэхгүйдээ л бусдыг гомдоож, зовоодог болов уу. Ийнхүү хүн албаар таныг зовоох үйлдэл хийдэггүй, мэдэхгүйдээ л таныг бухимдуулах үйлдэл гаргадаг гэж итгэх нь ямар их сэтгэлийн дарамт, харилцааны хүндрэл, үзэн ядалтыг зогсоох бол?
2. Тэмдэглэл бичих
Брэнэгийн хувьд толгойд нь элдэв бодол эргэлдэж, зовоож эхлэнгүүт дэвтэрээ шүүрч аваад, бодлуудаа бичдэг гэнэ. Тэгээд тэмдэглэлүүдээ ажиглаад үзсэн чинь ядарсан, хэт их ачаалал авсан үедээ л бусдад бухимдаж, гоморхож байдгаа анзаарчээ. Мэдээж энэ нь хил хязгаараа тогтоож чадаагүй буюу үгүй гэж хэлж чадаагүй байдлаас үүдэлтэй. Эндээс үзэхэд “үгүй” гэж хэлж чаддагүй хүний дотоод зүрх сэтгэлд гомдол, үзэн ядалт, бухимдал төрөх нь элбэг гэж хэлж болохоор байна. Таны ямар хил хязгаар зөрчигдсөн учраас сэтгэлдээ гомдол, бухимдал тээж байна вэ? Сэтгэлээ уудлан бичээд үзээрэй. Хэнтэй, ямар хил хязгаар тогтоох нь илэрхий болж магад.
3. Дадлагажих
Хил хязгаараа тогтоох амархан биш. Өөрийн юуг хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүйг бусдад хэлэх нь маш их зориг шаарддаг. Захирал, дарга, хамтран зүтгэгчид, гэр бүлийн хүн, ээж, аавтайгаа ямар хил хязгаар тогтоохыг хүсч байна вэ? Тэдэнд хэрхэн хэлж ойлгуулах вэ? Бодохоос ч төвөгтэй. Захирал, даргатайгаа хил хязгаар тогтоо гэхэд “Би үнэхээр чадахгүй” гэж толгой сэгсрэх нь бий. Эрх мэдлийн хүч, өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмж, урьд нь болсон үйл явдлууд зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж энэ зоригийг гаргах эсэхээ шийдэх байх. Гэхдээ хил хязгаараа хамгаалж чадахгүй явсаар байвал сэтгэлдээ гомдол тээн бухилсаар сэтгэлийн дарамт, стрэсст автана. Сэтгэлийн дарамт хүний эрч хүчийг сорж, ажлын бүтээмж, шийдвэр гаргах чадамжийг бууруулдаг.
“Үгүй” гэж хэлж чаддаг болохын тулд дахин дахин давт, олон нөхцөл байдалд турш.
Миний хувьд хил хязгаараа тогтоох зүрх зоригийг нөхөртэйгөө харилцах харилцаанд гаргаж, эерэг үр дүн амссаар байгаа. Хадам ээждээ бас юуг хүлээн зөвшөөрөхгүйгээ маш сайн хэлээд авсан хэхэ. Шууд тас түс хэлбэл мэдээж гомдох учраас чин сэтгэлийн халуухан яриа үүсгэж байгаад эвтэйхэн хэлчихсэн. Нэг үгээр хэлбэл “Миний гэр бүлийн харилцаанд оролцож, шүүмжлэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэдгээ аятайхан илэрхийлсэн гэсэн үг. Эерэгээр хүлээн авч, манай гэр бүлийн асуудалд оролцох нь багассан. Үр дүнд нь бухимдах сэтгэл төрөхөө больж, түүнд илүү сайхан сэтгэлээр хандах болсон. Харин сүүлийн үед энэ хил хязгаарыг маань мартаад байх шиг хэхэ. Боломж таарахаар дахиад аятайхан сануулчихна даа. Мэргэжлийн харилцаанд хил хязгаараа тогтоохдоо ганцаарчилсан байдлаар эсвэл аливаа харилцаа эхлэхээс өмнө, тухайлбал, хурал уулзалт эсвэл гэрээний эхэнд хил хязгаар, дүрмээ тогтоож байгаарай. Саяхан нэгэн уулзалтын дундуур дүрэм (хил хязгаар) тогтоогоод хүн гомдоосон асуудал гаргасан талтай. Алдаж байж л сурах юм даа, яана даа.
www.huffingpost.com-д хил хязгаараа тогтоож сурснаар хүнд дараах өөрчлөлт гарна гэжээ.
Өөрийгөө улам илүү таньж эхэлнэ.
Хавьгүй баяр баясгалантай болно.
Өөртөө цаг гаргаж, халамжилж сурна.
Стрэсс буурна.
Бусадтай харилцах чадвар дээшилнэ.
Бусдад илүү итгэж эхэлнэ.
Уур бухимдал, гоморхол, үзэн ядалтын мэдрэмж төрөхөө болино.
Бусдыг илүү ойлгодог, өгөөмөр хүн болно.
Ямар байдлаар хил хязгаараа илэрхийлэх тухайд тусад нь нийтлэл бичих хэрэгтэй санагдлаа. Б.Болормаа 2019 оны 5-р сарын 29
Comments